МЭДЛЭГ: Сантехникийн систем

Халуун, хүйтэн усан хангамж, бохир ус зайлуулах системийн талаарх анхан шатны мэдэгдэхүүн олгох мэдээллийг хүргэж байна. 

Барилгын доторх сантехникийн системийг:

  • Халуун, хүйтэн ус хангамжийн систем
  • Бохир ус зайлуулах буюу ариутгах татуургын систем гэж хоёр ангилдаг.


Орон байрнаасаа хол хаа нэгтээ удаан хугацаагаар аялж, амрах гэж байгаа бол танд сууцныхаа сантехникийн хэрэгслээ бат найдвартай, хамгийн сүүлийн үеийн шинэ тоноглолоор солих шаардлага тулгарч болох л юм. Сууцандаа ус алдуулахгүйгээр халуун усанд орох, бохир усаа ямар нэгэн асуудалгүйгээр гадагшлуулдаг байх нь байшин, орон сууцанд амьдардаг хэн бүхний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэвшил болох чухал хэсэг юм. 

Ер нь орон байрны сантехникийн систем гэдэг нь ус нийлүүлэх шугам, юүлэх хоолой, таталтын хоолой зэрэг хоорондоо уялдаа холбоо бүхий цогц шугам сүлжээнээс бүрддэг. Сантехникийн иж бүрдэл нь ярвигтай, засч суурилуулахад өртөг өндөртэй байдаг учир энэ систем хэрхэн ажилладаг талаар багахан ойлголттой болоод авахад илүүдэхгүй биз ээ.  

Сантехникийн системийн талаар анхан шатны суурь мэдлэгтэй байх нь танайд ямар нэг асуудал тулгарах, гэртээ засвар хийх болон шинэ байранд орох үед тань хэрэг болно. Та сантехникийн системээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг өөрөө хянаж, сантехникийн кодыг нэвтрүүлж чаддаг болно гэсэн үг юм.

Сантехникийн үндсэн ажлыг төлөвлөхдөө: Зөв төлөвлөгдөж, угсрагдсан систем нь усыг олон төрлийн гоожуур, холигч болон гал унтраагч гэх мэт устай холбогдох бусад төрлийн хэрэгсэлд шууд хүргэж, бохир усыг зайлуулахад үйл ажиллагаа нь саадгүй явагддаг. Мөн энэ нь таны зардал мөнгийг хэмнэх давуу талтай. Ийнхүү төлөвлөлтөө анхнаас нь зөв хийж, угаалгын болон гал тогооны өрөө зэргийг хооронд нь ойрхон байрлуулснаар та зардлаа бас л хэмнээд зогсохгүй, тэдгээр нь сантехникийн нэг системийн бүрэлдэхүүн болох юм.

Сууцны сантехникийг хэд хэдэн төрлийн систем нэгтгэдэг. Цэвэр усыг нийтийн шугам сүлжээнээс ус нийлүүлэх хоолойгоор дамжуулан гэрт хүргэж, угаалтуур, суултуур, онгоц /банн/, бусад холигчид түгээнэ. Харин бохир ус зайлуулах систем нь ашиглагдсан бохир усыг зайлуулах хоолой руу дамжуулна. Байгалийн хийн хоолой нь түлшийг зуух, хийгээр ажилладаг халаагуур, ус халаагч, хувцас хатаагч зэрэгт дамжуулах хоолойгоор хангана.

УС ХАНГАМЖИЙН СИСТЕМ

Барилга доторх ус хангамжийн систем нь гадна шугам сүлжээ болон усны эх үүсвэрээс хэрэглэгчдэд усыг түгээн өгөхөд зориулагдсан дамжуулах хоолой, тоног төхөөрөмж, хаах нээх хаалтуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор хийц юм.

Барилгын дотор ус хангамжийн системийг хүйтэн ба халуун ус хангамжийн систем гэж үндсэн 2 ангилалд хуваадаг.

Орон байрны ус хангамжийн систем нь нийтийн шугам сүлжээнээс цэвэр усыг дамжуулж, угаалтуур, суултуур, онгоц /банн/, бусад холигчид болон ус халаагч, аяга таваг угаагч, угаалгын машин зэрэг төхөөрөмж рүү нийлүүлнэ. Усыг дамжуулах, түгээх төхөөрөмж нь усны хоолой, горим тохируулга, хаалт хавхлага зэрэг үндсэн гол хэсэг нь юм. Эдгээр хоолой, тоноглол зэргийг ихэвчлэн хуванцар, зэс болон цайрдсан төмрөөр хийдэг. Хоолой нь ф15~ф108 ба түүнээс дээш диамтертэй байдаг.

БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ

Бохир ус зайлуулах систем нь хот суурин ба үйлдвэрийн газар нутгаас бохир усыг хүлээн авч татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэн тунгаах байгууламж бүхий иж бүрэн инженерийн байгууламжийн бүрдэл юм.

Бохир ус нь ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд хэрэглэснээр гардаг ба өөрийн анхдагч химийн бүрэлдэхүүн, физик шинж чанараа алдаж, бохирдсон болон суурин газрын нутаг дэвсгэр дээр буусан хур тунадасны усыг хэлнэ.

Бохир ус зайлуулах систем нь тухайн сууцны хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд бохир ус зайлуулах хэсэгт угаалтуур, онгоц /банн/, суултуур, угаалгын машин, аяга угаагч гэх мэт ус ашигладаг бүхий л төхөөрөмжөөс гарах бохир усыг хуванцар болон ширмэн хоолойгоор дамжуулан бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсон суваг сүлжээнд нийлүүлэн хотын цэвэрлэх байгууламж руу дамжуулдаг. 

Бохир ус зайлуулах хоолойтой холбогдож, хаягдал усны хоолойн хийг агааржуулж байдаг, сантехникийн бас нэгэн чухал хэсэг болох агааржуулалтын тухай мэдлэгтэй хүн тун ховор. Энэхүү агааржуулалтын систем нь ус зайлуулах хоолойг хэвийн ажиллуулахад шаардлагатай даралтыг дэмждэг. 

Бохир ус зайлуулах системийн үйл ажиллагаа нь хананы цаана, шалны дор, дээврийн хөндий зэрэг нүднээс далд газар явагддаг. Ажиллагаа хэвийн явагдахаа больж, ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал төвөгтэй байдал үүснэ. Ус зайлуулах ажиллагаа гацах нь бохир ус гадагшлуулах системд хамгийн элбэг тохиолддог.

ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨНИЙ САНТЕХНИКИЙН СИСТЕМ

Орон сууцанд амьдардаг хэн бүхэн нэгдүгээрт гал тогооны өрөөнийхөө сантехникийн хоолой, ус зайлуулах хоолойд нь асуудал тулгарах үед авах арга хэмжээ; хоёрдугаарт, гал тогооны өрөөндөө засвар хийхээр төлөвлөсөн бол сантехникийн шугам, хоолой нь хана болон шаландаа байдаг эсэх тухай мэдлэгтэй болох хэрэгтэй.

Гал тогооны өрөөндөө сантехникийн шугам хоолой төлөвлөх, суурилуулах, засвар хийлгэхэд тань дээрх хоёр төрлийн мэдлэг зайлшгүй хэрэг болно. Гал тогооны ихэнх өрөөнүүд угаалтуур руу дамжуулах халуун, хүйтэн усны шугам, бохир ус зайлуулах хоолойтой байх ба зарим тохиолдолд хийн зууханд зориулсан хийн хоолойтой ч байх нь бий. 

Сүүлийн үеийн орон сууцнууд дахь гал тогооны өрөөнүүд аяга угаагч, мөс хөлдөөгч гээд ус ашигладаг төхөөрөмжүүдэд зориулсан нэмэлт хоолойтой болсон. Эдгээр нь бүгд бохир усны хоолойтой холбогддог.

УГААЛГЫН ӨРӨӨНИЙ САНТЕХНИКИЙН СИСТЕМ

Угаалтуур, онгоц /банн/, суултуур гээд угаалгын өрөөн дэх бүхий л тоноглол, хэрэгслүүд нь сантехникийн шугам хоолойтой шууд холбоотой. Мэдээж эдгээр нь бүгд цэвэр, бохир усны шугамтайгаа холбогдсон байх ёстой. Угаалгын өрөөний сантехникийн системд цэвэр ус дамжуулах шугам, бохир ус зайлуулах хоолой гээд аль алин нь чухал үүрэгтэй.

Ус дамжуулах хоолой нь халуун, хүйтэн усыг угаалтуур, онгоц /банн/, суултуурт дамжуулж байдаг. Энэ систем нь нийтийн усан хангамж болон бусад цэвэр усны эх үүсвэртэй шууд холбоотой байж, тухайн сууцанд дамжуулж байдаг гол шугам юм. Цэвэр ус дамжуулах шугам нь халуун, хүйтэн ус гэсэн хоёр хоолойгоор дамжих бөгөөд нэг нь хүйтэн ус, нөгөө нь халуун усыг ус халаагчаас дамжуулна. 

Дээр дурдсан анхан шатны зөвлөмж нь танд орон байрныхаа сантехникийн системийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэхэд бага ч болов нэмэр болно гэдэгт найдаж байна.