МЭДЭЭ: Эрчим хүчний салбар энэ цаг үед сайн ажиллаж байна
ЗГХЭГ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Д.Сарангэрэл эрчим хүчний үйлдвэр компаниудын ажлын байрны халдваргүйжүүлэлт, хамгаалалтын арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаатай биечлэн шалгалаа. Эхний ээлжинд “ДЦС-4” ТӨХК, “Тавантолгой Түлш” ХХК-д /2020.11.14/ ажилласан байна.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой Эрчим хүчний салбар өндөржүүлсэн зохион байгуулалтад шилжин ажиллаж байна. 0-12 настай хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг болон технологийн ажиллагаанд шууд оролцохгүй албан хаагчдыг гэрээс нь ажиллуулж байгаа юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэхүү онцгой дэглэмийн үед цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж болон сайжруулсан шахмал түлшний хангамж доголдох учиргүй. Үйлдвэрлэлийг явуулдаг гол хүчин зүйл нь болсон ажилчдын аюулгүй байдалд онцгой анхаарах учиртай. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Эрчим хүчний салбар нарийн технологитой. Тийм учраас бид ажиллах хүчний нөөцийг хадгалах нь чухал” гэлээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл шалгалтын дараагаар “Өнөөдөр ажилласан байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллаж байна. Ариутгагч бодис, бээлий, маск, нүдний шил, хамгаалалтын хувцас зэргээр хангасан. Түүнээс гадна хооллох дэглэмийг нарийн зохион байгуулжээ. Бөөнөөрөө хоолонд орохгүй. Ямар нэгэн байдлаар хоорондоо харьцахгүй байхаар тусгаарлалтыг хийж өгсөн байна. Энэ бүхнээс дүгнэхэд Эрчим хүчний салбар халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хатуу дэглэм тогтоож чадсан байна” гэв.
Улаанбаатар хотод эрчим хүчний салбарын 14 үйлдвэр, компанид 10,500 орчим ажилтан ажилладаг. Үүнээс технологийн үйл ажиллагаанд оролцдог 6,800 орчим нь ажлын байраар, 3,700 орчим нь гэрээр ажиллаж байгаа юм.