МЭДЭЭ: Засгийн газрын 100 хоногт | Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа

Засгийн газар дөрвөн үндсэн чиглэлд анхаарч ажиллах зорилт тавьсаны дотор эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд багтсан юм.

Тавантолгой дулааны цахилгаан станц

“Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2025 онд ашиглалтад оруулна. Төслийн хүрээнд 450МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, 220 кВ-ын 134 км цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, 220 кВ-ын дэд станцыг тус тус барих юм.

Тус станц ашиглалтад орсоноор жилд 3150.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба Оюутолгойн уурхайн өсөн нэмэгдэх 2,2242.5 сая кВт.цаг хэрэглээ болон Тавантолгой орд газрууд, бусад стратегийн ач холбогдол бүхий өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангана. Оюутолгойн уурхайн БНХАУ-аас авч буй 110-130 сая ам.долларын импортын эрчим хүчийг орлох эх үүсвэр бий болох ба үүний зэрэгцээ жил бүр улсын төсөвт 34.0 сая ам.долларын татварын орлого бүрдүүлэх юм. Мөн коксжих нүүрсний олборлолтын үед хаягдаж буй бага илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

90 МВт хүчин чадалтай “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” баригдаснаар баруун бүсийн таван аймгийн 4430 ахуйн нэгж, 5400 орон сууц, 36.000 гаруй гэр хорооллын хэрэглэгч, нийт 52.000 хэрэгэлэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр хангана. Төсөл хэрэгжиснээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний 74 хувийг импортоор авдаг Баруун бүсийн эрчим хүчний систем бүрэн дотоодоос хангагдах юм.

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд тендерийг хүлээн авч, үнэлгээг эхлүүлэх зорилт тавин ажилласан. Тендер нээх хугацааг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогч талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгаж, товлосон хугацаанд эхлүүлэх боломжтой байна.

Эрчим хүчний сүлжээнд ашиглах 200 МВт.цаг багтаамжтай цахилгаан цэнэг хуримтлуурын төсөл

Хоногт 200 МВт.цаг цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж нэгдсэн системийн оргил ачааллын үед сүлжээнд нийлүүлэх юм. Төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын горим тохируулгад чухал үүрэг гүйцэтгэж, импортын эрчим хүчний хэмжээ буурна. Мөн тасралт саатал, чадлын дутагдлаас үүдэлтэй хязгаарлалт багасч үндсэн тоноглолын найдвартай ажиллагаа сайжирна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх техникийн боломж нэмэгдэх юм.

Бусад

Мөн Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих, Завхан аймгийн Улиастай суманд 5 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих, Цахилгаан түгээх сүлжээний алдагдлыг бууруулах төсөл, Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл, Улаанбаатар хотын дулаан хангамжийн төслийн явц, гарах үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.