ЯРИЛЦЛАГА: Тасралтгүй 47 цаг ажилласан инженер техникийн ажилчиддаа баярлалаа

 
Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй салхи, шуурганы улмаас Давст сумын нутаг Хүдэнгийн хөдөөд өндөр хүчдэлийн шугам унаж Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан. Тухайн үед “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн инженер, техникийн ажилчдын хамтарсан баг гэмтлийг сэргээн босгох ажлыг шуурхай хийж гүйцэтгэсэн юм. Энэ талаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхүлэгтэй ярилцлаа.

 

 

-Цахилгааны тасалдал үүссэний дараа ямар арга хэмжээ авсан бэ?

-Хүчтэй салхи, шуурганы улмаас 3-р сарын 13-ны шөнө 22 цаг 24 минутад ОХУ-аас хүчдэл тасарсан. Тухайн үед ОХУ-тай эргэж холбогдоод нэг удаа хүчдэл авах гэсэн боловч чадаагүй. Улмаар 00 цаг 50 минутад ОХУ, Улаангом дэд станц хоорондох 110 кв-ын с-458 ЦДАШ-ын 216 дугаар тулгуур багана хугарч унасан, аваарын нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон. Иймд шуурхай зохион байгуулалтад орж, цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэгт 3 бригад томилон ажиллуулсан. Манай байгууллагаас нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг, мөн “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн инженер техникийн ажилчид хамтран хугарсан шугамыг сэргээн босгох ажлыг эхлүүлсэн. 

-Цаг агаарын байдлаас шалтгаалан ажил гүйцэтгэхэд хүндрэл хэр гарч байв?

-Цахилгааны тасалдал үүссэний дараа шөнө шуурган дунд шугамын үзлэгт явахаас эхлээд цаг агаарын маш хүнд нөхцөлд ажилласан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам бартаатай, гуу жалга, эрэг ихтэй байсан учраас машин техник явахад үнэхээр хүндрэлтэй байсан. Аль болох байгаль цаг уурын нөхцөлд тэсвэртэй техник, хэрэгслийг үзлэгт ашигласан учраас даваад гарсан. Харин ажлаа хийж эхлэх үед буюу 14-ний өдөр салхи бага зэрэг намдсан ч үе үе ширүүссэн. Гэсэн ч баг бригад аваарыг устгаж дуусах хүртэл нийт 47 цагийн хугацаанд амрахгүйгээр ажилласны үр дүнд хугарсан шугамыг сэргээн босгож, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж чадсан.  

-Гэнэтийн гэмтэл үүссэн үед аймаг орон нутаг, бусад байгууллагаас дэмжлэг хэр ирдэг вэ?

-Гэмтэл үүсэн үед даарч хөрөхөөс эхлээд зөндөө асуудлууд үүссэн. Өндөр эрсдэлтэй салбар учраас ажилчдын аюулгүй ажиллагааг хангах, эрүүл мэндийг хамгаалах асуудал маш чухал байдаг. Үүссэн нөхцөлтэй холбоотойгоор аймгийн ОБГ, “АЗЗА” ТӨХК-иас шаардлагатай тоног төхөөрөмжөөр тусалдаг. Мөн эрчим хүчний яам, удирдах дээд байгууллагаас зохион байгуулалтын чиглэл өгч ажилладаг. Шаардлагатай үед яамнаас өгсөн чиглэлийн дагуу төвийн бүсээс хүн хүч, техник хэрэгсэл татах тохиолдол ч гарна. Ер нь аливаа ажил баг хамтын ажиллагааны дор өндөр зохион байгуулалттай шуурхай явагддаг. Ингэж байж л бид бүхний ажил урагшлан, иргэдийг эрчим хүчээр тасалдуулахгүйн тулд хичээн ажиллаж байна.

-Цахилгааны саатлын үед шуурхай ажиллах бэлтгэл, бэлэн байдал хэр бэхжиж байна?

-Эрчим хүчний системийн үйлдвэрлэлт, түгээлт, хэрэглээ нэгэн зэрэг явагддаг. Үйлдвэрлэл эхэлсэн бол хэрэглэгчдэд шууд цахилгааныг дамжуулдаг учраас маш онцлогтой салбар. Энэ салбарт ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн болон машин техник хэрэгслүүд 24 цагийн бэлэн байдалд байдаг. Шуурхай аваар үүссэн үед цаг минуттай уралдан шөнийн хэдэн цаг байсан ч ажилдаа гардаг. Хэрэглэгчийн цар хүрээ ихсэх тусам ажиллах хүн хүч, техник тоног төхөөрөмжөөс эхлээд манай байгууллагын бааз суурь бэхжиж байгаа. Өмнө нь үүсэж байсан шаардлагатай аваарын үед төвийн бүсээс инженер техникийн ажилчид, техник тоног төхөөрөмж татаж байсан бол саяны цахилгааны тулгуур шугам унасан гэмтлийг манай компани өөрийн хүчин чадлаар засварласан. 

-Өмнө нь бас томоохон гэмтлүүд гарсан санагдаж байна?

-Хамгийн сүүлд 2018 оны 11-р сарын 25-26-нд шилжих шөнө цаг агаарын хүнд нөхцөл байдал үүссэний улмаас Хандгайт-Улаангом чиглэлийн 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дөрвөн тулгуур хугарч томоохон хэмжээний гэмтлүүд гарч байсан. Тухайн үед шуурхай ажиллаж 72 цагийн дотор аваарыг устгаж, хэрэглэгчдийг эрчим хүчээр хангасан байдаг. Үүний өмнө 2010, 2008, 1998 онд мөн олон тулгуур хүчтэй салхины улмаас унаж, томоохон аваарууд гарч байсан.

-Хэрэглэгчиддээ хандаж та юу хэлэх вэ?  

-Цаг агаарын хүнд нөхцөл байдлыг ажрахгүйгээр цахилгааны гэмтлийг засах, сэргээн босгох ажлыг мэргэжлийн ур чадвараа ашиглан, хариуцлагатайгаар гүйцэтгэсэн нийт баг бригад болон бусад дэмжиж ажилласан байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Мөн бид бүхний ажлыг ойлгож, эрчим хүчээр хангах хүртэлх хугацаанд ажлын урам өгч байсан хэрэглэгчдэдээ баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.