МЭДЭЭ: Замын-Үүдийн дулааны станц ажиллагаанд залгагдсанаар олон талын үр ашигтай
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 123 дугаар тогтоолоор “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тус суманд баригдсан дулааны станцын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Тэрээр өнгөрөгч наймдугаар сард Замын-Үүд суманд ажиллах үеэрээ орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т шаардагдах санхүүгийн эх үүсвэр, техникийн нөхцөл, бүтэц, техник, тоног төхөөрөмж болон бусад асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Замын-Үүдийн дулааны станцын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын тал гүйцэтгэж 2018 онд хүлээлгэн өгснөөс хойш үндсэн чиглэлээр ашиглаагүй байсан юм. Эрчим хүчний салбарын туршлагатай ажилтнууд шуурхай ажиллан программ хангамж, цахилгаан байгууламж, реле хамгаалалт, дулааны нарийн хэмжүүр бүхий автоматикийн тоноглолуудад тохируулга, зүгшрүүлж ажиллалаа.
Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудаас бүрдсэн 27 инженер техникийн ажилтан /ИТА/ болон тус дулааны станцын ажилчидтай хамтран 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тохируулга, зүгшрүүлэг хийн бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар Замын-Үүд дулааны станцыг ажиллагаанд залгаад байна. 87МВт-ын суурилагдсан хүчин чадалтай /3х29/ гурван дулааны зуух, сумын төв доторх 10 ус дамжуулах төв, 2Ф150-2Ф920 мм-ын голчтой 27 км урт дулааны шугам сүлжээтэй томоохон дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Дулааны станц ажиллагаанд залгагдсанаар Замын-Үүд сумын төвийн хэрэглэгчдийг нэгдсэн эх үүсвэрээс дулааны эрчим хүчээр ханган зургаан байршилд 16 жижиг халаалтын зуухыг зогсоолоо. Ингэснээр утааны хий болон үнс тоосонцортой хамт агаар орчинд хаягдаж буй бохирдлыг хэмжээг бууруулахын зэрэгцээ БНХАУ-тай холбогддог хилийн боомт, гаалийн цогцолбор байгууламж, нээгдээд удаагүй Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх үндсэн суурь дэд бүтэц болох юм.