МЭДЭЭ: Эрчим хүчний сайд Францын элчин сайд Филип Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филип Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Филипп Мэрлин Монгол улсын хөгжилд эрчим хүч шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд үүнд Эрчим хүчний сайдын үүрэг оролцоо чухал болохыг тэмдэглэв. Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Францын хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд шийдэгдээгүй зарим асуудлыг хэрхэн шийдэх талаар санал солилцлоо.
Франц улсын “БРЛ Инженер” компани, Монгол улсын “Престиж Инженеринг” ХХК нарын түншлэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын биологийн олон янз байдалд Эгийн голын усан цахилгаан станцын үзүүлэх нөлөөллийн судалгааг хийлгэсэн байна. Гэвч гэрээт ажлын төлбөрийг шилжүүлэлгүй удаж байгаа асуудлыг шийдэх, Сайншандын салхин паркаас эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ 28 хувь хүртэл буурсан нь хөрөнгө оруулагч нарт төвөгтэй байдал үүсгэж байгаад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Ковид-19” цар тахлаас үүдэн салбарын хувьд амаргүй нөхцөл байдал үүссэн ба хэрэглэгчийн бүтцэд өөрчлөлт орж, хэрэглээ буурсантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний станцуудаас нийлүүлэх эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Энэ бол давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой гэсэн хариулт өгсөн юм. Харин “БРЛ Инженер” компани, Монгол улсын “Престиж Инженеринг” ХХК нарын түншлэлийн гэрээний төлбөрийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхэд анхаарахаар болов. Эгийн голын усан цахилгаан станц бол импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах томоохон төсөл бөгөөд биологийн олон янз байдалд нөлөөлөх судалгааны дүнгээс төслийн хувь заяа хамаарах тул нааштай хариу хүлээж байгаа гэдгийг онцоллоо.