МЭДЭЭ: Баянхонгор нь цахилгааны дутагдалтай, хүчдэлийн уналттай аймгуудын нэг юм.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК-д ажиллалаа. Өвлийн бэлтгэл хангах ажил, тулгарч буй асуудлуудыг сонсон цаашид авч хэрэгжүүлэх ажлын үүрэг даалгавар өглөө. Баянхонгор нь цахилгааны дутагдалтай, хүчдэлийн уналттай аймгуудын нэг юм.

Мөн “ЦДҮС” ТӨХК-ийн хангайн бүсийн салбарын 110/35/6 кВ-ын Баянхонгор дэд станц болон эрчим хүчний чиглэлээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй цахилгаан шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудын гүйцэтгэлтэй танилцсан. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай цаашид анхаарах зүйлсийн талаар санал бодлоо хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүрэг өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төвүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн тухайн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 03 дугаар сарыг дуустал оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх болсон талаар болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг иргэд, хэрэглэгчдэд танилцуулсан юм.

Мөн энэ үеэр 10 буюу түүнээс дээш жил эрчим хүчний салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилчдад эрчим хүчний яамны “Жуух” бичиг, “Эрчим хүчний салбарын Тэргүүний ажилтан” шагналыг гардуулан өглөө.