МЭДЭЭ: “ДУЛААН ХАНГАМЖ - ТЕХНИК ТЕХНОЛОГИ” сэдэвт эрдэм шинэжилгээний хурал боллоо
“Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн.
Эхний шатны “Дулаан хангамж – техник технологи” сэдэвт цахим хурлын үйл ажиллагааг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нээж, салбарын хамт олон болон эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд оролцож байгаа инженер техникийн ажилтнуудад амжилт хүслээ.
Эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг дээшлүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэлт, дулаан хангамжийн системийн шинэчлэл, шугам сүлжээний дамжуулалт, түгээлтийн шинэ техник технологи, ногоон технологи /уламжлалт, сэргээгдэх, устөрөгч, цөмийн эрчим хүч, хог хаягдал, ногоон хөрөнгө оруулалтын механизм/-ийг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Мөн цаашлаад орон нутаг болон Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэмжээнд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар эрдэмтэн багш нар, инженер техникийн ажилтнуудын шинэ санааг бодлогоор дэмжиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чадавхи, эрчим хүчний хэмнэлтийг дээшлүүлэх зорилгоор энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа юм.
“Дулаан хангамж – техник технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд нийт 12 багийн инженер техникийн ажилтнууд илтгэл тавина.
Энэхүү цахим бага хурлыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль хамтран зохион байгуулж байна.