МЭДЭЭ: Барилгын салбарын хөдөлмөрийн зах зээлийн байдал

Барилгын салбарын хөдөлмөрийн зах зээлийн байдал

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага 

Манай орны хувьд барилгын салбар нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг онцлогтой бөгөөд үүнийгээ дагаад жижиг ААНБ-ууд тогтмол үйл ажиллагаа эрхлэхгүй байх хандлагатай байдаг. Мөн туслан гүйцэтгэгч албан бус нэгж бригадууд ажилладаг.Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын тоо тасралтгүй өсөж байгаа хэдийч бүртгэлтэй ААНБ-ын 50 гаруй хувь нь үйл ажиллагаа явуулдаг байна. 2019 онд барилгын салбарт бүртгэлтэй 14.1 мянган аж ахуйн нэгж, байгууллагаас 7.4 мянга буюу 52.4 хувь нь үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь өмнөх оноос 0.7 мянган(0.9 хувь)аж ахуйн нэгж байгууллагаар өсжээ.

Хүснэгт 1. Барилгын салбарын бүртгэлтэйболон үйл ажиллагаа явуулж буй ААБН-ын тоо, 2015-2019 он

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 7.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 6.2 мянга (84.3 хувь) нь Улаанбаатар хотод, 1.1 мянга (15.7 хувь) нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

Зураг 1. Барилгын салбартүйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын тоо, аймаг, нийслэлээр, 2019 он  

 

Эх сурвалж: ҮСХ-ны статистикийн мэдээллийн сан

 

Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул зэрэг хүн ам олноор төвлөрсөн хот, суурин газруудад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын тоо бусад аймгуудаас илүү байна. Харин Дундговь болон Говьсүмбэр аймгуудад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ бусад аймгуудаас цөөн байна.

Барилгын салбарт ажиллагсад

Улсын хэмжээнд 2019 онд нийт 1.146.2 мянган ажиллагчид байсан ба 68.8 мянга буюу 6.0 хувь нь барилгын салбарын ажиллагчид байна. Барилгын салбарт ажиллагчдын тоо өмнөх оноос 7.7 мянган хүнээр буюу 10.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Хүснэгт 2.Барилгын салбарт ажиллагчдын тоо, мянган хүнээр, 2010-2019 он

Эх сурвалж: ҮСХ-ны статистикийн мэдээллийн сан

Сүүлийн 10 жилийн мэдээллээс нийт ажиллагчдад эзлэх барилгын салбарын ажиллагчдын хувийг харахад 2010 онд хамгийн бага буюу 4.7 хувийг эзэлж байсан бол үүнээс хойш тасралтгүй өсч 2014 онд нийт ажиллагчдийн 7.3 хувийг барилгийн салбарын ажиллагчид эзэлж байсан байна. 2015 оноос барилгын салбарт ажиллагчдийн тоо буурч байна. 2019 онд барилгын салбарт 68.8 мянган ажиллагчид байгаа ба 56.8 мянга (82.6 хувь) нь эрэгтэй ажиллагчид, 11.9 мянга (17.4 хувь) нь эмэгтэйажиллагчид байна. Энэ нь тухайн салбарын онцлогтой холбоотой юм. Байршлаар харвал барилгын салбарт нийт ажиллагчдын 59.6 хувь буюу 41.0 мянга нь Улаанбаатар хотод, 40.4 хувь буюу 27.8 мянга нь орон нутагт ажиллаж байгаа нь Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл их байдаг мөн бүтээн байгуулалтуудын дийлэнх нь Улаанбаатар хотод явагдаж буйтай холбоотой юм.

 

Хүснэгт 3. Барилгын салбарт ажиллагчдын тоо,бүсээр, мянган хүнээр, 2019 он

Эх сурвалж: ҮСХ-ны статистикийн мэдээллийн сан

Дээрх тоог аймгаар харвал Баянхонгор аймагт 2.8 мянга, Дархан-Уул аймагт 2.6 мянга, Ховд аймагт 2.4 мянга, Баян-Өлгий аймагт 2.3 мянга, Өвөрхангай аймагт 2.2 мянга, Завхан аймагт 2.1 мянган ажиллагч барилгын салбарт хөдөлмөр эрхэлж байна. Харин Говьсүмбэр, Дундговь,Дорноговь, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгууд бусад аймагтай харьцуулахад барилгын салбарт ажиллагчид харьцангуй бага байна.

Зураг 2. Барилгын салбарт ажиллагчдын тоо, аймаг, нийслэлээр, 2019 он

Барилгын салбарт хөдөлмөр эрхэлж буй гадаад ажиллагсад 

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд хөдөлмөрийн зах зээл дэх ажиллагчдын тодорхой хувийг бүрдүүлж байдаг бөгөөд энэ нь Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар зохицуулагдаж байдаг. 2017 онд 16.5 мянга, 2018онд 10.7 мянга, 2019 онд мөн 10.7 мянган гадаад ажиллах хүч манай оронд хөдөлмөр эрхэлсэн байна.

Манай улсад 2019 онд хөдөлмөр эрхэлсэн гадаад иргэдийн 28.7 хувь нь барилгын салбарт хөдөлмөр эрхэлсэн байна. Энэ нь өмнөх оноос 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Зураг 3.  Гадаад ажиллагчдын эзлэх хувь, ЭЗҮА-ны салбарын ангиллаар, 2018, 2019 он  

 Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Ажлын байрны захиалга, ажилд зуучлал

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн систем”-д улсын хэмжээнд нийт 71.1 мянган ажлын байрны захиалга ирүүлснээс 6.9 мянга буюу 9.7 хувийг барилгын салбарын ажлын байрны захиалга эзэлж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр буурсан үзүүлэлт юм.

Барилгын салбарын ажлын байрны захиалгыг бүсээр авч үзвэл Баруун бүсэд нийтажлын байрны захиалгын 21.7 хувийг барилгын салбарын ажлын байрны захиалга эзэлж байгаа нь бусад бүсүүдээс хамгийн өндөр байна. Улсын хэмжээнд 2019 онд 6.9 мянган барилгын салбарын ажлын байрны захиалга ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан байна. Ажлын байрны захиалгыг бүсээр авч үзвэл Зүүн болон Баруун бүсэд өмнөх оноос нэмэгдсэн бол Хангайн,Төвийн бүс мөн Улаанбаатарт барилгын салбарын ажлын байрны захиалга буурсан байна.

Зураг 5. Барилгын салбарын ажлынбайрны захиалгын тоо, бүсээр, 2018, 2019 он

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дээрх ажлын байрны захиалгын дагуу 2019 оны жилийн эцсийн байдлаар 4.1 мянган ажилгүй иргэн барилгын салбарт ажилд зуучлагдан орсон байна.

2019 онд улсын хэмжээнд ажилд зуучлагдсан 44.1 мянган иргэний 9.4 хувийг барилгын салбарт ажилд зуучлагдсан иргэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ажилд зуучлагдсан нийт иргэдийн 1.6 мянга буюу 40.2 хувь нь Улаанбаатар хотод, 28.2 хувь нь (1.1мянга), Баруун бүсэд, 18.1 хувь нь (0.7 мянга) Хангайн бүсэд, 7.5 хувь нь (0.3 мянга) Төвийн бүсэд, 6.2 хувь нь (0.2 мянга) Зүүн бүсэд тус тус харьяалагдаж байна.  

 

Зураг 6. Барилгын салбарт ажилдзуучлагдсан иргэдийн тоо, бүсээр, 2017-2019 он

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Улсын хэмжээнд ажил олгогчдоос ирүүлсэн барилгын салбарын ажлын байрны захиалгын 59.9 хувьд нь ажилд зуучилсан байна. Харин Хангайн бүсэд хамгийн өндөр буюу 93.4 хувь, Улаанбаатар хотод хамгийн бага буюу 41.8 хувьтай зуучилжээ.

Хүснэгт 4. Ажлын байрны захиалгын тоо, зуучлалын хувь, бүсээр, 2019 он

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар