МЭДЭЭ: “Тайшир-Гуулин усан цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллах үеэр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Алтай Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК, Тайшир сумын нутаг Завхан гол дээр баригдсан 11МВт-ын суурилагдсан хүчин чадалтай “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” /УЦС/ ХХК-ийн үйл ажиллагааг тус тус танилцуулав.

“Тайшир-Гуулин УЦС”-ыг Кувейт болон Абу Даби сангийн 42.8 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр 2004-2008 онд барьж ашиглалтад оруулсан. УЦС-ын далангийн өндөр 50м, хярын урт 192м бөгөөд даланг байгуулснаар 52.5 км2 талбайтай, 1 тэрбум м3 эзлэхүүнтэй усан сан үүссэн. Жилд 30 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай, Завхан аймгийн төв болон 24 сумыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.


Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр эрчим хүчний тогтвортой, бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор цаашид бага, дунд оврын УЦС-ын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.