МЭДЭЭ: Эрчим хүчний дэд сайд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нийслэлийн зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт долоо хоног бүр биечлэн ажиллаж байна. Өчигдөр /2020.10.01/ ажиллах үеэр гүйцэтгэгч компаниудын зарим удирдлагуудыг байлцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон ажилчдын байр, зоогийн газар болон халуун усны барилга угсралтын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэн барилгыг төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэн өгөхийг үүрэгдлээ. Мөн үйлдвэрээс Налайх-Чойр чиглэлийн автозамтай холбогдсон сайжруулсан шороон замыг үйлдвэр ашиглалтад орохоос өмнө дуусгахыг анхааруулав.

Энэхүү үйлдвэр нь тус бүр 3 шугамтай 2 хэсгээс бүрдэх бөгөөд үйлдвэрийн Б блокын тоног төхөөрөмжийн угсралтын ажил дуусч, туршилт тохируулгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Мөн “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэсэн үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110/10 кВ-ийн дэд станц, 4.5 км цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг дуусган хүчдэлд залгажээ.