ЗӨВЛӨГӨӨ: Олон давхар орон сууцны агаар сэлгэлт
Хэрэв та олон давхар орон сууцны барилгад амьдардаг бол Барилгын Халаалт Агаар Сэлгэлтийн Зөвлөх Инженер У.Батдэлгэрийн зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор орон сууцны барилгуудын агаар сэлгэлтийн системээр Ковид-19 вирус тархаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнүүд болон нийтийн сүлжээгээр энэ тухай зарим нэг хүмүүс тайлбар өгч байна. Орон сууцны айлуудын агаар сэлгэлтийн систем нь босоо чиглэлдээ агаар сэлгэлтийн нэгдсэн системд холбоотой байдаг ба үүгээр бусад айлууд руу халдвар дамжиж байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж агаар сэлгэлтийн шинэ, дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх нь чухал болоод байна.
Монголд олон давхар орон сууцны барилгуудын ихэнх нь агаар сэлгэлтийн ердийн агаар сорох системтэй. Орон сууцны барилгын гадна хана, хашлага хийцийн сул чөлөөтэй нүх сүв бүхий орон зайгаар гадна агаар тасалгаанд нэвтэрч, улмаар цааш гал тогоо, ариун цэврийн өрөөнүүдээр дамжин агаар сэлгэлтийн ердийн системээр гадагшилдаг. Энэхүү агаарын урсгал хөдөлгөөн нь гадна, дотор агаарын нягтын зөрүү, байгалийн таталзлын нөлөө, агаар сэлгэлтийн босоо шахтын өндөр, гадна агаарын салхины хурд зэргээс хамаарч бий болдог.
Одоо ашиглаж байгаа ердийн агаар сэлгэлтийн системийн давуу талууд нь ашиглахад энгийн, өртөг багатай, түүнчлэн ашиглалтын зардал, үйлчилгээ шаарддаггүй. Гэвч сүүлийн жилүүдэд ашиглалтын явцад ердийн агаар сэлгэлтийн системүүд нь ихэвчлэн зөв горимоор ажилладаггүй шаардлагатай агаар сэлгэлтийг хангаж чадахгүй байна. Орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн систем нь дараах шалтгаануудаас хамаарч хангалттай сайн ажиллахгүй байна. Үүнд:
1. Маш сайн битүүмжлэлтэй шилэн вакум цонх, шилэн фасад, гадна цутгамал бетон хана, ханын дулаалга эдгээр нь агаар нэвтрэлтийг бүрэн хаасан.
2. Агаар сэлгэлтийн босоо шахтны өндрөөс хамаарч дээд давхрын айлуудын агаар сэлгэлтийн таталтын хүч үүсдэггүй.
3. Гадна агаарын температурын +5 хэмээс -7 хэм хүртэл, үүнээс дээш дулаан хэмд агаар сэлгэлт байгалийн аргаар сэлгэх боломжгүй болсон.
4. Маш ойрхон баригдсан өндөр барилгуудад салхиний үйлчлэл байхгүй болж, улмаар агаар сэлгэлт явагдах боломжгүй болсон.
5. Орон сууцны айлуудын цонх нээлхийгээр байгалийн агаарыг үргэлж оруулах нөхцөл бололцоо манай эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд боломжгүй.
Орон сууцны агаар сэлгэлт хангалтгүй хэмжээнд ажиллаж байгаагаас хамаарч тасалгаан дахь агаарын чанар муудаж, оршин суугчдын эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлэхээс гадна, барилгад мөөгөнцөр, хөгц үүсгэж улмаар барилгын өвчлөл буюу синдромыг (Building syndrome) бий болгодог.
Олон давхар орон сууцад ердийн байгалийн аргаар агаар сэлгэлтийг хийдэг уламжлалт аргыг орон сууцны барилга анх баригдсан цагаас өнөөдрийг хүртэл бид ашиглаж байгаа билээ. Орон сууцанд ариун цэвэр, гал тогооноос агаар зайлуулах ердийн сорох системийг төлөвлөж өгдөг. Хуучны 1997 оноос өмнө баригдсан угсармал болон тоосгон орон сууцнуудын цонх, гадна хана, булан тохойгоор гадна агаар чөлөөтэй шүүрэлтийн замаар нэвтэрч, агаар солилцоог дэмжиж ажиллаж байсан. Үүнийг хуучны барилгад амьдарч байсан хүмүүс мэднэ.
Орчин үед барилгын шийдэл, материалын чанар, технологи эрс сайжирч болж өгвөл маш сайн битүүмжлэлтэй дулаан алдагдал багатай орон сууц барихыг зорьж, дулааны хэмнэлт тал руу чиглэсэн ажлуудыг хийсээр байна. Харин орон сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, ажиллагааг зөв зохистой болгох сайн зураг төслийг бид одоо болтол хараахан төгс байдлаар шийдээгүй байна.
Дээд зэргийн битүүмжлэлтэй агаарын нэвтрэлтгүй болсон олон давхар орон сууцны хэвийн агаар солилцоог хангахын тулд цонхыг өдөрт байнга онгойлгож байж агаар солилцоог хангахыг зөвлөж байгаа билээ. Гэвч Монгол орны хувьд хүйтний улиралд цонхоо нээлттэй байлгаж маш хүйтэн гадна агаарыг зохион байгуулалтгүй оруулах нь учир дутагдалтай, тийм ч сайн зөв зүйтэй арга биш болно.
Дулааны болон шилжилтийн /зун, хавар, намар/ улиралд агаар сэлгэлтийн ердийн систем хүйтний улирлаас маш муу ажилладаг. Учир нь гадна дотно агаарын нягтын зөрүү үүсдэггүй, салхиний хурд бага байдаг зэргээс хамааран сэнсний тусламжтай агаарыг гадагшлуулах хэрэгтэй болдог. Үүнийг орон сууцны барилгын ариун цэврийн өрөөнүүдэд ихэнхдээ хэрэглэж байгаа.
Орон сууцны айлууд нь босоо чиглэлдээ нэгдсэн нэг агаар сорох ердийн системтэй бөгөөд тэр системээр нь доод айлуудын хоол болон тамхиний үнэр үнэртэх, дуу чимээ сонсогдох, хүйтэн агаар буцаж үлээх гэх мэт асуудлууд байнга гарч байдаг. Ийм нөхцөлийг бий болгосон уламжлалт агаар сэлгэлтийн ердийн системийн зураг төсөл, тооцоог угсралт шууд холбоотой бөгөөд үүнийг засаж сайжруулах хэрэгтэй байна.
Бидний хэрэглэж буй уламжлалт агаар сэлгэлтийн системийн арга нь барилгын битүүмжлэл, хүмүүсийн ая тухтай байх нөхцөл эрс сайжирсантай холбогдуулж зохих ёсны шинэчлэлт, өөрчлөлтийг хийгээгүйгээс хамаарч дээрх алдаа дутагдлууд гарсаар байна.
Уламжлалт агаар сэлгэлтийн системийг сайжруулах, шинэчлэх хэд хэдэн аргачлал, шийдлүүдийг гадны инженерүүд зохиосон бөгөөд аль хэдийн хөрш ОХУ нь орон сууцны барилгууддаа 2000 оноос хойш хэрэглэсээр иржээ. Орон сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, шинэчлэх гадаад улсуудын хэд хэдэн техникийн шийдэл байгааг бид цаашид барилгын зураг төсөлдөө нэвтрүүлэх нь зүйтэй байна.
Үүнд зөвхөн агаар сэлгэлтийн инженерүүд ажиллах биш барилгын архитекторуудтай хамтран зураг төслийн шатанд агаар сэлгэлтийн солилцоог хангаж ажиллах тийм барилгын зураг төсөл зохиох хэрэгтэй. Дээр дурьдсан олон хүчин зүйлүүдээс хамаарч учир дутагдалтай байгаа орон сууцны агаар сэлгэлтийг сайжруулах техникийн шийдлийг хөрш ОХУ нь орон сууцны барилгууддаа өргөн хэрэглэж байна. Тус орон сууцны агаар сэлгэлтийн системийг Хосолмол ажиллагаатай Хайбрид Hydrid ventilation; Гибрид Вентиляция) систем хэмээн нэрлэдэг.
Эх сурвалж: https://www.barilga.mn