МЭДЭЭ: Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан /2021.05.19/-аар нийслэлд тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний талаар танилцуулав.
Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн талаар
Улаанбаатар хотын цахилгаан хангамж нь төвийн бүсийн эрчим хүчний системд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээр хангагддаг бөгөөд 220 кВ-ын хоёр, 110 кВ-ын 34, 35 кВ-ын 30 дэд станц, 6-10/0.4 кВ-ын 7422 дэд станц, 220 кВ-ын 455.7 км, 110 кВ-ын 424.6 км, 35 кВ-ын 5657 км, 6-10 кВ-ын 5164 км урт цахилгаан дамжуулах шугамаар нийт 401,704 хэрэглэгчийг ханган ажилладаг.
Төвийн бүсийн эрчим хүчний систем /ТБЭХС/-ийн оргил ачаалал 2020 онд 1309 МВт хүрсэн бөгөөд үүний 60%-г Улаанбаатар хотын ачаалал эзэлж байв. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн 5 жилийн дунджаар 6-8%-ийн өсөлттэй байна.
Хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах, түгээх сүлжээний нийт шугамын 31% буюу 815 дэд станц, 26% буюу 3488 км урттай цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын ашиглалтын хугацаа дуусч, хуучирсан, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон.
Улаанбаатар хотын цахилгааны ачаалал 2025 оны түвшинд 1100 МВт хүрэх тул цахилгаан эрчим хүчний хангамжийн аюулгүй болон найдвартай байдал, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэр, дамжуулах болон түгээх сүлжээнд дараах ажил арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Нэг. Эх үүсвэрийн хувьд 200 МВт.цаг багтаамжтай эрчим хүчний батарейн хуримтлуурын станцыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Багануурын 400 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх, “ДЦС-2” ТӨХК-ийн дэд бүтцийг түшиглэн 100 МВт-ын хийн цахилгаан станц барих, “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөлийг төслийг хэрэгжүүлэх,
Хоёр. Дамжуулах сүлжээний хувьд 110 кВ-ын 14 дэд станц шинээр барих, одоо байгаа 8 дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, 220 кВ-ын 87 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, одоо байгаа 110 кВ-ын 449,2 км урттай шугамын дамжуулагчийг өндөр дамжууламж бүхий утсаар шинэчлэх, одоо байгаа 35 кВ-ын 3 дэд станцыг 110 кВ-д шилжүүлэх;
Гурав. Түгээх сүлжээний хувьд 35 кВ-ын 3 дэд станцыг тодорхой цэгүүдэд шинээр барих, одоо байгаа 35 кВ-ын 5 дэд станцыг өргөтгөх, 35 кВ-ын 106 км агаарын шугам барих, 35 кВ-ын 15.6 км агаарын шугам шинэчлэх, 10 кВ-ын 29 хуваарилах байгууламж барих, 10 кВ-ын 25 хуваарилах байгууламжийг шинэчлэх, 10/0.4 кВ-ын 1013 дэд станц шинээр барих, 10/0.4 кВ-ын 403 дэд станцыг өргөтгөх, 0.4-10 кВ-ын хүчдлийн 885 км шугам барих, 0.4-10 кВ-ын 1405 км шугамыг шинэчлэх ажлууд хийгдэнэ.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн талаар
Улаанбаатар хотын дулаан хангамж нь нийт 2579 Гкал/цагийн суурилагдсан хүчин чадалтай дөрвөн эх үүсвэрээс үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг 200-1200 мм-ийн голчтой 379.5 км урт дулаан дамжуулах шугам, 10-н өргөх насос станцаар дамжуулан 2924.2 Гкал/цагийн ачаалал бүхий нийт 12.000 гаруй барилга, байгууламжийг хангадаг.
Өнөөгийн байдлаар хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн ачаалал нь 2924 Гкал/цаг бөгөөд эх үүсвэрүүдийн суурилагдсан чадлаас 345 Гкал/цаг (-39°С үед) буюу 13 орчим хувиар хэтэрсэн байдалтай байна. Сүүлийн жилүүдэд өвлийн оргил ачааллын үеийн гадна агаарын температур тооцоот утгаас 10 орчим хэмээр (2020 оны 1 дүгээр сарын 06-нд -30.6°С) дулаан байсан нь хотын хэмжээнд эх үүсвэрийн дутагдалд оролгүйгээр хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн хангаж өвлийн их ачааллыг доголдолгүй давсан.
Хотын дулаан дамжуулах нийт 379.5 км шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусч хуучирсан байгаа нь хэрэглэгчдийг найдвартай хангахад хүндрэл, дулаан хангамжид эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Улаанбаатар хотод жилд дунджаар 190 Гкал/цагийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож байна. Хотын дулааны хэрэглээ жилд 7-8%-иар өсөн нэмэгдэж 2025 оны түвшинд 3874 Гкал/цаг болохоор байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд холбогдохоор техникийн нөхцөл авсан 685 аж ахуйн нэгжийн 691 Гкал/цагийн хэрэглээ хүлээгдэж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 633.3 Гкал/цагийн дулааны хэрэглээний захиалга үүсэхээр байна. Иймд ойрын жилүүдэд бий болох нийт 1324.3 Гкал/цагийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах шинэ эх үүсвэр болон шугам сүлжээг шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатай байна. Үүнд дараах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
• “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн дэд бүтцийг түшиглэн Улаанбаатар хотын цахилгаан дулаан хангамжийн 5 дахь эх үүсвэрийг барьж байгуулна
• Амгалангийн дулааны станцыг дулаан цахилгаан хослон үйлдвэрлэх блокоор өргөтгөнө
• Өвлийн оргил ачааллын саруудад ажиллах Сэлбэ дэд төв, Дамбадаржаа дэд төв, Морингийн давааны байршилд бага дунд чадлын Дулааны станцууд барих
• Байгаль орчинд ээлтэй 40-116 Гкал/цагийн хүчин чадалтай хийн дулааны станцуудыг Дэнжийн 1000 дэд төв, Шархад орчим, 7 дугаар бичил хороололд барьж байгуулах
• Ашиглалтын хугацаа дууссан 91.2 км дулааны шугам сүлжээг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэнэ.
Улаанбаатар хотын дулаан дамжуулах сүлжээг өргөтгөж шинэчлэх ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкны 197.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 400-1000 мм-ийн голчтой 24.3 км дулааны шугам, насос станцын өргөтгөл, шинэчлэл, хяналт удирдлагын ухаалаг системийн ажлуудыг үе шаттайгаар эхлүүлсэн бөгөөд 2021-2025 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна.