МЭДЭЭ: Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн хаалгаа барихад хүрчээ
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд очиж ажиллажээ. Учир нь монголын хөгжлийн тулах цэг болсон, эрчим хүч, дулааны салбарын гол судалгаа хийдэг байгууллага нь эрдэмтэн судлаачдаа тарааж, хаалгаа гаднаас нь цоожлоход хүрсэн байна. Тэрээр өөрийн фээсбүүк хуудсаараа дамжуулан нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлсэн юм.
Л.Энх-Амгалан: Энэ хүрээлэнгийн хувь заяаг санхүүжилтгүй гээд зөнд нь орхих ёсгүй юм байна гэж бодсон. Тиймээс хүрээлэнгийн зүгээс Байгаль орчин, Уул уурхай, Эрчим хүч, Шинжлэх ухааны чиглэлээр танилцуулга бэлдэхийг удирдлагуудад нь үүрэг болгоод буцлаа. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Байгаль орчны сайд Н.Уртнасан, Уул уурхайн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарыг урьж хүрээлэнд хийгдсэн амьдралд хэрэгжиж, эдийн засгийн эргэлтэд оруулж болохуйц төслүүдийн танилцуулгыг хийлээ.
Мөнгө байхгүйн зовлон их. Наад зах нь одоо зах зээлд байгаа утаагүй, түлшний хэмнэлттэй, үзэмжтэй, гадна дотны гоё сайхан зуухнуудаас хэдэн арав дахин илүү бүтээмжтэйг үйлдвэрлээд туршчихсан. Харахад үзэмж муу нь нөгөө мөнгөгүйн зовлон. Мөнгө нь байгаад үйлдвэрлэлд нэвтрүүлбэл шил, шаазангаар ч хийж болохоор сайн шийдлүүд тоосонд дараатай. Монголын хөдөөгийн 330 сумын халаалтын зардлыг хэмнэж, дулааны зуухын ашигтай ажиллагааг сайжруулж, 3 жилийн насыг 10 жил ашиглаж болохуйц болгож чадахаар болсон. 330 сумын сумын сургууль цэцэрлэг, эмнэлгийн дулаан хангамжийн найдвартай ажиллагаагаар хангах нөөц байгааг нотолсон.
С.Батмөнх гуай надтай уулзахдаа “ Миний зүрх зогсох яах вэ. Энэ хүрээлэнгийн зүрхийг зогсоомооргүй байна” гэж хэлсэн. Энэ бол ахмад эрдэмтний гашуун ч гэсэн хатуу үг байсан даа.
Гэвч энэ байгууллага улсаас төсөвгүй, бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэх эрхзүйн орчин байхгүй нь манай улс сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбартаа яаж хандаж ирсний үнэн төрх, бодит нүүр царай. Энэ хүрээлэнгийн анхдагч, академич С.Батмөнх гуай надтай уулзахдаа “ Миний зүрх зогсох яах вэ. Энэ хүрээлэнгийн зүрхийг зогсоомооргүй байна” гэж хэлсэн. Энэ бол ахмад эрдэмтний гашуун ч гэсэн хатуу үг байсан даа.
Анх 1971 онд хуучнаар НААҮЯ-ны харъяанд “Туршлага шинжилгээний төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш Эрдэм шинжилгээ, зураг төслийн институт болж өргөжиж, 100 гаруй эрдэмтэн судлаачид тус хүрээлэнд ажиллаж, аж үйлдвэрлэлийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт томоохон хувь нэмэр оруулж байсан юм. Тус хүрээлэн нь 1996 оноос Дулааны техник, үйлдвэрийн экологий хүрээлэн нэртэйгээр ШУТИС-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж иржээ.
Эх орныхоо эрчим хүчний үйлдвэрүүдийг экологийн баримжаатай хөгжих гарцыг судлах, хот суурин, үйлдвэрийн экологийн карт зохиох, орон сууц, нийтийн аж ахуй, үйлдвэрийн хатуу хаягдлыг боловсруулан ашиглах технологи, үйлдвэрийн экологийн эдийн засгийн үнэлгээ хийх, мөн энэ чиглэлээр арга зүй боловсруулах ажлыг хийсээр ирсэн. ДЦС, ДС-аас гарч буй хаягдал үнсэн дэх макро, микроэлементийн судалгаа дахин ашиглах арга зүй, эрчим хүчний хэмнэлттэй байшинг дулаан хангамжийг хоёрдогч эх үүсвэр ашиглан хангах арга замууд, хот суурингийн агаарын бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэрийн шаталтын технологийг оновчтой болгож гэрийн, нам, дунд даралтын, эрчим хүчний үйлдвэрлэлийн зуухнуудыг түлшний зарцуулалт багатай болгох шийдлүүд гаргасан.
Мөн үйлдвэрлэгчдэд зөвлөгөө, сургалт хийх, эрчим хүчний эх үүсвэрийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зэрэг судалгаа, сургалт, туршилт, үйлдвэрлэлийн чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хийж гүйцэтгэж иржээ.
Цаашид оюуны бүтээл, судалгааны ажлын үр дүнг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, шинжлэх ухааны ач холбогдлыг нийгэмд сурталчлан таниулах, техник технологийн шинэ шийдлийг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ–сургалт–үйлдвэрлэл зэрэг зохимжтой хэлбэрийг оновчтойгоор хослуулан хөгжүүлэх, импортыг орлох брэнд бүтээгдэхүүн бий болгох зэрэг хүлээгдэж байгаа олон ажил байна. Үүнийг л ярих биш ажил болгомоор байгаа юм.
Монгол улс байгалийн эрс тэс уур амьсгалтай, жилийн ихэнх өдрүүд нь хүйтэн, сэрүүн байдаг нь дулаан, экологийн асуудлыг шинжлэх ухаан, технологийн чухал чиглэл болгон авч үзэж туршилт, судалгаа, инноваци, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, энэ чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг тасралтгүй бэлтгэж, хөгжүүлэх нь манай улсын хөгжлийн суурь бодлого байх ёстой.
2015 оны Засгийн газрын 27 дугаар тогтоолоор энэ хүрээлэнг улсын төсвөөс санхүүжүүлэхээ больж өнөөг хүртэл өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжиж ирсэн. Гэсэн хэдий ч цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжгүй байдалд хүрчээ.
Бид улс орны нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн байгууллагуудаа сэргээн хөгжүүлэх, Монгол эрдэмтэд, залуусынхаа оюуны үнэ цэнэ, капиталыг эдийн засгийн хөгжлийн суурь, өгөгдөл болгон ашиглах, мэдлэгийн менежментийг зөв удирдан зохион байгуулах нь хамгийн зөв бодлого байх болно.