МЭДЭЭ: Нийслэлийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Нийслэлийн эрчим хүчний хэрэглээ хоёр жилд “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадалтай дүйцэхүйц нэмэгдэж байна" гэлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх холбогдох албаны хүмүүсийн хамт нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан томоохон ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Уулзалтаар мөн Баянзүрх дүүргийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, түүнээс гарах шийдлийн талаар нээлттэй санал солилцсон. Эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийг дүүргийн хэмжээнд нэмэгдүүлэх боломж, алслагдсан хороодын иргэдийг тог дулаантай холбох зэрэг асуудлууд хөндөгдсөн юм. Дүүргийн хэмжээнд есөн хорооны 1760 өрх тог цахилгаанд холбогдоогүй, 14 хороонд 862 өрх хүчдэлийн уналттай, шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар дүүргийн удирдлагууд танилцуулав.
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг ойрын хугацаанд нэмэгдүүлэх, түүнийг даган хийгдэх дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөж буйг сайд Н.Тавинбэх хэллээ. Мөн тог цахилгаангүй иргэдийн асуудлыг шат дараатай шийдвэрлэх, түүний тооцоо судалгааг гаргаж танилцуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
Уулзалтын төгсгөлд дүүргийн болон эрчим хүчний салбарын холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хамтарсан хурлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтлоо.