ЯРИЛЦЛАГА: Инженерүүд бидний бүтээн байгуулалт хожим түүх болон үлддэг нь бахархалтай
Барилгын салбарт ур ухаан, мэдлэг чадвараа зориулан ажиллаж буй инженерүүдийг “Залуу инженер” ярилцлагын буландаа урьдаг билээ. Энэ удаагийн зочноор Орос улсын Москва хотын томоохон барилгын компанид барилгын инженерээр Орос, Турк инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй залуу инженер А.Нурбахыттай технологийн дэвшлийг ашиглан цахимаар ярилцсанаа хүргэж байна.
Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч алс холын ОХУ-аас цахимаар холбогдож ярилцлага өгөх болсон танд баярлалаа. Ярилцлагаа таны хүүхэд насны хүсэл, мөрөөдлөөс эхлүүлмээр санагдлаа.
Баярлалаа. Залуу хүний үзэл бодлыг хуваалцаж ярилцлагадаа урьсан танай хамт олонд талархал илэрхийлье. Би бага байхдаа бусад хүүхдүүдийн л адил цагдаа болно гэж мөрөөддөг байлаа. Яагаад ч юм эмэгтэй хүүхдүүд эмч эсвэл багш харин эрэгтэй хүүхдүүд цагдаа эсвэл дарга болно гэж ярьдаг байсан шүү дээ. Дунд сургуулиа Монгол-Туркийн хамтарсан сургуульд төгссөн. Ахлах ангид ортлоо био технологич болно гэж боддог байлаа. Энэ нь тухайн үед инженерийн мэргэжлийн талаар төдийлөн сайн мэдлэггүй байсантай холбоотой байх. Гэр бүлийнхэн минь намайг барилгын салбартай холбоотой мэргэжил сонгоосой гэж хүсдэг байсан. Манай гэрийнхнээс барилгын салбарт ажилладаг ганц хүн нь миний багаасаа өвөө гэж дууддаг байсан аавын минь том ах болох БХБ-ын сайд асан одоогийн УИХ-ын гишүүн Х.Баделхан юм. Өвөөгийнхөө зөвлөгөөг дагаж уг мэргэжлийг сонгож 2010 онд Санкт-Петербург хотын барилга архитектурын сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцаж 2015 онд төгссөн. Одоо энэ мэргэжлийг сонгосондоо маш их баярладаг.
Оюутан байхдаа их идэвхтэй байж оюутнуудын дунд явагддаг эрдэм шинжилгээний конференци болон урлагын үзлэгт Монгол улсаа төлөөлж, эх орноо сурталчилж болох бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцдог байлаа. Материал судлалын багштайгаа хамтран "Монгол хонины ноосоор фасадны дулаалгын материал бүтээх" сэдэвт Олон Улсын Эрдэм Шинжилгээний бага хуралд амжилттай оролцож байсан түүхтэй. Одоо Москва хотод эхнэртэйгээ хамт амьдарч байна.
Үнэгүй ч хамаагүй ажилламаар байна гэж гуйж байсан үе ч бий
Одоо ямар компанид ажиллаж байгаа вэ? Ажлын гараагаа яаж эхлэж байв?
Одоо ажиллаж байгаа Турк-Оросын хамтарсан “BOES констракшн” компани 2014 онд байгуулагдсан барилгын зураг төсөл, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуу компани. Өнгөрсөн 6 жилд Москва хотод 30 гаруй бүтээн байгуулалтыг амжилттай барьж гүйцэтгэсэн улсдаа дээгүүрт ордог компаниудын нэг. Их сургуулиа төгсөөд л энэ компанид талбайн инженерээр дөрвөн жил ажилласан. Тэр үед манай компани байгуулагдаад жил гаруй болж байсан залуу компани байсан ч ажилд авах шалгуур өндөртэйн дээр эрч хүчтэй, мэдлэг боловсролтой 10-20 жилийн туршлагатай инженер, мэргэжилтнүүд ажилладаг байсан юм. Анх олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байхдаа өөрийгөө их голсон, улам их хичээх ёстой юм байна гэдгээ мэдсэн. Жилийн өмнөөс техник оффис буюу төслийн хяналт хийдэг хэлтэст ажлын график, бүх орлого зарлагыг хянаж, дотоод тендерийг бас хариуцна ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийгөө сайн харуулж чадсан байх гэж боддог.
Хүний нутагт ажил хайж хүссэн, сонирхсон байгууллагадаа орно гэдэг амаргүй даваа байсан байх?
Оюутан болоод Оросын барилгын зах зээлд Турк компаниудын нөлөө их байдгийг мэдсэн. 10 жилдээ Монгол-Туркийн хамтарсан сургуульд сурч байсан болохоор боломж байгаа юм байна гэж найдсан. Их сургуулиа төгсөөд барилгын компаниудын сайтуудыг ухаж шаардлагуудыг нь уншаад өөрт тохирно гэж бодсон компаниудруу анкетаа явуулж эхэлсэн. Эхэндээ компаниуд намайг тоож хариу өгөөгүй. Би өөрөө биеэрээ очоод үнэгүй ч хамаагүй ажилламаар байна гэж гуйж байсан үе ч бий. Гэхдээ миний хувьд хамгийн том бэрхшээл бол ажлын виз авах байсан. Энд Монгол улсын иргэнд ажлын виз өгөх нь тун асуудалтай байдаг. Үүнээс болоод боломжтой гэсэн том компаниудаасаа татгалзсан хариу авчхаад Монгол явъя гээд бодож байтал одоо ажиллаж байгаа компаниас ажлын санал ирсэнд нь их баярладаг. Орос-Турк хос хэлтэй байсан нь мөн миний давуу тал болсон байх гэж боддог. Турк-Оросын хамтарсан компани учраас хоёр улсын ажлын туршлагыг нэгэн зэрэг судлах боломжтой нь сайхан.
Оюутан ахуй цагаа тус улсад дүүргээд шууд ажлын гараагаа тэндээс эхэлсэн юм байна. Ирээдүйд эх орондоо ирж ажиллах төлөвлөгөө байгаа байх.
Тийм шүү. Эх орондоо удаан хугацаагаар ажиллаж байгаагүй ч оюутан байхдаа амралтаараа зүгээр суухгүйн тулд 1-р курсээсээ эхлэн Монголын барилгын компаниудад дадлага хийдэг байсан. Барилгын талбай дээр дадлага хийж байсан маань аль болох хугацаа хожихын тулд, жоохон ч гэсэн мэргэжилтэйгээ холбоотой мэдлэгээ сайжруулах гэж хичээдэг байсантай холбоотой. Харин 3-р курсийн оюутан байхдаа “NG констракшн” гээд зураг төслийн компанид цалинтай ажил хийж байсан. Ажлын туршлагаа заавал их сургуулиа төгсөөд биш оюутан байх хугацаандаа хуримтлуулж байх хэрэгтэй. Ер нь хүн хэзээ ч, хаана ч, ямар ч нөхцөлд ажиллаж, мэргэжлийнхээ талаар бага ч болов мэдлэгээ тэлэн тэрийгээ бодит амьдралд туршиж байх нь зүй ёсны хэрэг гэж боддог.
Ирээдүйд мэдээж эх орондоо ажиллаж, амьдрах төлөвлөгөөтэй. Үзэж харж, сурч мэдсэн зүйл, туршлагаа эх орныхоо бүтээн байгуулалтад зориулна гэж боддог. Гэхдээ одоогоор өөрийнхөө туршлагыг хангалтгүй байна гэж хардаг. Орос улсаас өөр оронд ажиллаж байгаагүй ч ирээдүйд боломж олдвол өөр нэг улсад сурч, ажиллангаа илүү их туршлага хуримтлуулна гэж зорьж байгаа.
Гадны улсын хүмүүсийг хэрхэн удирдан ажиллаж байв?
Анх Монгол гэхээр эргэн тойрны хүмүүс их гайхдаг, үл тоосон байдалтай хүлээж авч байсан. Туршлагагүй бас дээрээс нь 2 улсын мэргэжлийн хэллэгүүдийн мэдэхгүй, ойлголцож харьцахад бэрх үе ч зөндөө гарч байсан. Надаас өөр нэг ч Монгол ажилтан байхгүй. Гэхдээ ганц дайчин ганцаарддаггүй гэдэг шиг улам их хичээж талбайд ажиллаж байх хугацаандаа надад оногдсон ажлаасаа илүү ихийг, илүү сайн хийж өөрийнхөө сайн талыг харуулахын тулд зүтгэсэн. Тэр үед эхнэр минь надад маш их сэтгэлийн тэнхээ, зорилгыг өгдөг байсан. Амжилттай яваа эр хүний ард ямагт эхнэр нь байдаг гэдэг үнэхээр үнэн үг юм билээ. Эхнэрийн минь зөвлөгөө дэмжлэг байгаагүй бол хүний нутагт ганцаараа тэвчиж явж чадахгүй байсан байх гэж бодогддог шүү. Харин одоо манай ажлынхан надад их сайн байдаг.
Анхны бүтээн байгуулалтынхаа талаар яриач?
2015-2019 онуудын хооронд анхны төсөл болох 300,000 м2 талбайтай 10,000 гаруй хүн амьдрах нөхцөлтэй орон сууцны хорооллын ажил 4 жилийн турш үргэлжилсэн. Тэр төсөл дээр анх шөнийн талбайн инженерээр ажиллаж эхэлсэн. Хэцүү санагдаж байсан ч нэгэнт эхэлсэн болохоор шантралгүй тэсээд давна гэж өөрийгөө зоригжуулж жил гаруй ажилласны дараа өдрийн ээлжид ахлах инженер болж дэвшсэн. Их туршлага мэдлэг ур чадвар, зориг тэвчээр гарган ажилласан ажлын ард гарах хамгийн сайхан нь юм билээ. 2019 оноос хойш Москва хотын А бүсэд байрлах элит хорооллын төсөлд төлөвлөлт ба хяналтын инженерээр ажиллаж байна.
Анхны бүтээн байгуулалт "Orange park" хороолол 2015-2019 он
Одоо ажиллаж буй төсөл"Садовые кварталы" хороолол
Техник технологи, хөгжлийн төвшин дээгүүрт тооцогддог улсад ажиллаж байна. Монголдоо нутагшуулмаар ямар, шинэ дэвшилтэт технологи байна гэж харав?
Энд орон сууцны хорооллыг цутгамал ба угсармал гэж 2 янзын системээр барьдаг бол Монголд дан цутгамал барилгууд баригддаг. Манайх шиг эрс тэс уур амьсгал, улирлын шинж чанараас хамааран цутгамал авдаг оронд энэ нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд алдагдалтай. Тиймээс угсармал системийг Монголд дахин хөгжүүлэх нь Улаанбаатар хотыг богино хугацаанд орон сууцжуулах шилдэг шийдэл байх болов уу гэж боддог. ЗХУ-ын үед баригдсан угсармал хорооллууд Улаанбаатар хотод хэд хэд байдаг учир манайд тохирохгүй систем гэж хэлж болохгүй. Москвагийн орчин үеийн угсармал хорооллууд нь технологийн хувьд их өөрчлөгдсөн. Үзэмжийн хувьд ч сайжирсан тул хойд хөршөөсөө энэ тал дээр туршлага судлаад хамтран ажиллах боломжтой. Угсармал системийг Монголд хөгжүүлбэл Улаанбаатар хотын утаа, гэр хорооллын асуудал хурдан шийдэгдэнэ. Харин Турк улсын хувьд барууныхантай адилхан BIM систем илүү сайн хөгжсөн байдаг бол манай байгууллага ихэвчлэн Microsoft Excel их ашигладаг, ажлын графикаа MS project бас primavera, зураг төслийн ажлуудаа Autocad ба Revit, орлого зарлагын хяналтаа 1С-д хийдэг.
Орос, Турк улсуудын ажилчдын ажиллах онцлог, арга барил ямар байдаг бол?
Оросууд яаралгүйгээр удаан бодож, тунгааж байж баталгаатай шийдвэр гаргадаг бол Туркүүд маш идэвхтэй шуурхай ажилладаг онцлогтой. Хариуцлага гэдэг зүйлийг нэгдүгээрт тавьдаг. Туркүүдээс ажилдаа хариуцлагатай хандахыг сурч явна. Оросын ихэнх томоохон бүтээн байгуулалтуудыг Турк компаниуд гүйцэтгэсэн байдаг. Жишээлбэл Санкт-Петербург хотод баригдсан Европын хамгийн өндөр барилга болох 462м “Лахта центр” бас Москва дахь 300м-ээс дээш өндөр бүтээн байгуулалтууд, Москвад байдаг өндөр шилэн барилгууд, Казахстан улсын нийслэлд орчин үеийн гайхалтай ихэнх төслүүд зэрэг. Туркийн барилгын компаниуд дэлхийн ихэнх орнууд болоод Барууны болон Арабын орнуудад сайн хандлагатай байдаг. 1970 онд анх Турк компаниуд Оросод анх орж ирсэн гэдэг.
Зүүн гар талаас 2 дахь
Харин барилгын салбарт төрөөс баримталдаг онцлох бодлогууд гэвэл томоохон үйлчилгээ худалдааны газрын төслүүдэд хамгийн эхэнд гадна болон дотоод дизайн, үзэмж бас орчин үеийн галын аюулгүй байдлын системд нь их анхаарал тавьдаг. Орон сууцны хорооллуудад бас галын аюулгүй байдлын систем мөн машины зогсоол, хүүхдийн талбай, сургууль, цэцэрлэгүүдэд улсаас маш их анхаарал тавьдаг.
Оросод барилгын материалын чанарын хяналт, улсын комиссод хүлээж авахад ямар шалгуур, хяналт тавигддаг вэ?
Материалын чанар хяналтын инженерүүд тусдаа байдаг. Янз бүрийн лабораториудтай гэрээ хийж ажилладаг. Улсын комиссод Оросын иргэний аюулгүй байдлын тухай хуулийг ихэвчлэн дагаж хяналтаа хийдэг. Жишээлбэл галын орох, гарах гарцууд стандартын дагуу байх, галын аюулгүй байдлын сигнал, систем нь бүрэн ажилгаатай стандартын дагуу байх тал дээр их анхаарал тавьдаг.
Барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг үү, импортолдог уу? Томоохон ямар ямар үйлдвэрүүд байдаг вэ?
90 хувь дотооддоо үйлдвэрлэдэг. Дэлхийн чанартай барилгын материал үйлдвэрлэдэг брэндүүдийн ихэнхи салбар Оросод байдаг. Жишээ нь Оросуудын өөрсдийн Технониколь сайн чанарын дээврийн ус тусгаарлах мембран бас фасадны дуулаалгын материал үйлдвэр, Rockwool дэлхийн сайн чанарын фасадны дуулаалгын материал үйлдвэрлэдэг, Германы Кнауфын салбар гэхэд ихэнх хотуудад байдаг гэх мэт.
Ажлын үнэлэмж, хангамжийн талаар?
Ажлын үнэлэмж сайн. Цалингын хэмжээг ажлын туршлагаас шалтгаалж өгдөг. Хамгийн анх туршилтын хугацаагаар ажиллаж байхад хамгийн доод хэмжээгээр дараа нь жил болон гаргасан амжилтаасаа хамаараад цалин нэмэгддэг. Хамгийн эхний ажил болох 300 000м2 талбайтай төслийг дуусгасны дараа шагнал болгож цалингийн хэмжээг 30 хувиар нэмсэн. Мөн цалингаас гадна байрны түрээсийг компаниас төлдөг. Тэгэхээр ажилчдаа үнэлэх үнэлэмж, хангамж сайн гэж боддог доо.
Залуу инженер хүний хувьд эх орныхоо хот төлөвлөлтийн талаарх бодлоо хуваалцаач?
Манай хот төлөвлөлт ЗХУ-ын үед Оросуудтай хамтарч хийгдсэн байдаг. Хот төлөвлөлт маш сайн хийгдсэн байсан боловч ЗХУ бутарсны дараа тэр суурийг бид амжилттай хөгжүүлж, тордож чадаагүй нь хамгийн том алдаа. Одоо Оросын хотуудыг анзаараад байхад гудамж талбай нь маш өргөн, орон сууцны хороолол бүр нь маш том хүүхдийн тоглоомын талбайтай, зүлэгтэй зөв зохион байгуулалттай байдаг. Энэ нь ЗХУ-ын үеэс эхтэй зөв хот төлөвлөлт гэж боддог. Орсод өндөр шилэн барилгууд сүүлийн 10 жилд маш их баригдсан. Европын хамгийн өндөрт ордог барилгуудын эхний тав нь Орсод байдаг.
Төр нь залуусаа дэмжиж, залуус нь эх орноо гэсэн сэтгэлтэй байвал бид маш хурдан хөгжинө
Инженер сайтай улс хөгждөг гэлцдэг. Манай улс дэлхийн жишигт хүрсэн хот болохын тулд залуу инженерүүдийн оролцоо хэрхэн хэрэгтэй вэ?
Монгол залуусын 17 хүрэхгүй хувь нь инженерийн мэргэжил сонгодог болсон гэж нэг судалгаа уншиж байсан. Дэлхий дахинд эрчимтэй өрнөж байгаа аж үйлдвэр, технологийн хувьсгалыг залуус бид л эх орондоо хийж чадна. Яг над шиг гадаадад ажиллаж баялаг бүтээж байгаа Монгол инженерүүд олон бий. Гэвч туршлагатай болоод эх орондоо очиж ажиллана гэж боддог нэг хэсэг байхад цалин хөлс, ажил амьдралын нөхцөлөөс болоод тэндээ үлдэх сонирхолтой хэсэг ч байгаа. Төр нь залуусаа дэмжиж, залуус нь эх орноо гэсэн сэтгэлтэй байвал бид маш хурдан хөгжинө.
Улс орны хөгжлийг тодорхойлох нэг гол салбар бол үнэ цэнийг бүтээгч барилгын салбар юм
Мэргэжил бүхэн өөр өөрийн онцлог давуу талтай байдаг. Таны эзэмшсэн мэргэжлийн сайхан нь юу вэ?
Аливаа улс орны хөгжлийг тодорхойлох нэг гол салбар бол үнэ цэнийг бүтээгч барилгын салбар юм. “Бурхан хүнийг бүтээж бусдыг нь инженерүүд бүтээдэг” гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Ухаан санаагаа шингээж, гар бие оролцсон бүтээн байгуулалтаа дараа нь харахад их сайхан байдаг. Манай салбарынхны хийж бүтээсэн зүйл хэн хүний нүдэнд ил тод харагдаж, хожим түүх болон үлддэг нь бахархалтай.
Таны хувьд ямар зарчмыг баримтлан ажилладаг вэ?
Ажилдаа хариуцлагатай хандах, аливаа асуудлыг хамт олонтойгоо ярилцаж шийдэх гэдэг зарчмуудыг ихэвчлэн баримталдаг. Яагаад гэвэл дээр дурдсан шиг Туркүүд ажлын хариуцлага гэдэг зүйлийг нэгт тавьдаг, жишээлбэл ажилдаа хоцрохгүй цагтаа ирэх, эхэлсэн ажлаа заавал дуусгах, ямар нэг асуудал тулгарвал хамт олонтойгоо заавал ярилцаж хамтарч хамтдаа шийддэг нь ажлын бүтээмжийг илүү нэмэгдүүлж байдаг.
Ажил мэргэжлийн болоод бусад зүйл дээр өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
Эхэндээ зөвхөн талбайд ажилладаг байсан болохоор аливаа мэргэжилтэй холбоотой программуудыг судлах боломж бага байсан. Уг нь бол 21-р зуунд бие даан интернетээр хүссэн зүйлээ сурах боломжууд нээлттэй болсон шүү дээ. Ажлын бус цагаар интернетээс Орос-Турк хэл дээр мэргэжилтэй холбоотой мэдээлэл судлах бас программуудыг сурахыг хичээдэг дээ.
Ярилцлагынхаа төгсгөлд тантай адилхан олон улсад ажиллаж байгаа болоод Монголдоо ажиллаж байгаа инженерүүддээ хандаж хэлэх зүйл байгаа байх гэж бодлоо.
Ирээдүйд техник технологийн дэвшил улам бүр өргөжиж, нийгэм өдөр ирэх тусам хөгжих болно. Дараа дараагийн үеийн залуус эдгээр шинэ өөрчлөлтөд хариу өгөх чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ энэхүү өөрчлөлтүүд нь зөвхөн инженерүүд төдийгүй бусад бүх салбарт ажиллах ирээдүйн хойч үеүдэд ч мөн адил нөлөөлөх болно. Тиймээс бид бүхэн нийгмийн хөгжилтэй хамт өөрсдийгөө ч ажлын байранд болон ажлын бус цагаар хөгжүүлж байх хэрэгтэй.
Орчин үеийн залуу инженер хүн аливаа зүйлийг өндөр төвшинд сэтгэдэг байх, багаар ажиллах чадвартай, өөр салбарт мэдлэгээ хөгжүүлж чаддаг, цаг тухайд нь хэрэгтэй мэдээлэл олох, хурдан шийдвэр гаргах, хамт олноо уриалан манлайлж чаддаг чадвартай хүнийг хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тиймээс зөвхөн мэргэжлийн мэдлэгээрээ хязгаарлагдахгүйгээр өөрийгөө тал бүрийн мэдлэгээр хөгжүүлж байгаасай гэж хэлмээр байна.