МЭДЭЭ: Бүтээн байгуулалтын 94,4 хувийг дотоодын компаниуд гүйцэтгэх чадавхтай.

"Итгэл тэмүүлэл, амжилтад хөтөлнө" сэдвийн хүрээнд барилгын салбарынхан чууллаа. Уулзалтын хүндэт зочноор "Барилга корпораци" -ийн ТУЗ-ийн дарга, Монгол улсын гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа оролцсон юм. Тэрээр уулзалтын эхэнд “Барилгын салбарын ойрын болон ирээдүйн тойм зураглал ба зарим шийдэл” - ийн талаар илтгэл тавьж, “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” - ын талаарх мэдээллийг ирсэн зочдод танилцууллаа.
Уулзалтын үеэр тэрээр “Өнөөгийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын 94,4 хувийг хувийн хэвшил гүйцэтгэж, жилдээ нийт 3566 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх чадавх бүхий үндэсний компаниуд салбарт ажиллаж байна. Түүнчлэн 2020 онд 4343 тэрбум , 2025 онд 8338 тэрбум, 2028 онд 12330 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх боломжтой гэсэн тооцоог 2017 оны суурь түвшин дээр өсөлтийн итгэлцүүр, далд эдийн засгийн нөөц болон статистикт ордоггүй барилгын хэмжээг төсөөлөлд оруулан тооцолсон. Тиймээс уг бодлогыг баримтлан хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Монгол улсын бүтээн байгуулах өнөөгийн чадавхыг 2020  онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өсгөх тооцоо төсөөлөл гаргаж, баримт бичгийг боловсруулсан” гэдгийг онцлон ярьсан юм. Түүнчлэн ажлын фронт, ажилчны дутагдал, материал бүтээгдэхүүний борлуулалтын болон санхүүгийн хүндрэлээс үүдэж олон компани, үйлдвэрүүд дампуурах, бодит үнийнх нь 50-60%-иар бодож банкны барьцаанд тавьсан барилгын компануудын үл хөдлөх хөрөнгө хураагдах (хамгийн багаар 2.1 их наяд), барилгын салбарт олгогдсон үнэ тогтворжуулах болон орон сууцны зээлийн эргэн төлөлт баталгаагүй болж банк санхүүгийн системд томоохон эрсдэл үүсэх гэх мэт асуудлууд тулгарч болзошгүй байгааг анхааруулан ярьлаа.