МЭДЭЭ: Өнөөдрөөс ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлж байна

УИХ - ын чуулганы үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудаар зургаан хувийн зээл олгож эхэлж байгаа талаар мэдэгдлээ. 

Зээлийн хүү 6 хувь болсноор өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэхүү зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм. Бага, дунд орлоготой, гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор хүүг 2 нэгжээр буулгасан байна. Монголбанкнаас ес, аравдугаар сарын санхүүжилт 50-иад тэрбум, арилжааны банкууд 40-өөд тэрбум төгрөг гаргаад зургаан хувийн хүүтэй зээл гаргах боломж нээгдээд байна.

Өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн. Харин ипотекийн зээл 6 хувь болж байгаатай холбоотойгоор холбогдох журам шинэчлэгдэж байгаа юм.