МЭДЭЭ: СХД-ийн нутаг дэвсгэрт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхлэлээ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх "Цагдаа" толгой орчим дахь 4 га газарт байгуулах болсон билээ.
Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлж, сагс болон хөлбөмбөгийн талбай барьж, дугуйн зам тавих аж. Мөн хүүхэд, залуус, ахмад настанд зориулсан чийрэгжүүлэлтийн талбай хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ орчин үеийн стандартаар гүйлтийн зам тавьж, эко хавтангаар 100 автомашины зогсоол байгуулах ажээ.
Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замыг тохижуулж байгаа бөгөөд энэ зун бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор СХД-ийн “Толгойт” бүсэд чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, дугуйн зам, чийрэгжүүлэлтийн талбай нэмэгдэж иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм.
Тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламжийн ажилд сайн дураараа оролцох иргэдтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх онцолсон юм.